Монгол Улсын эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, олон улсын түвшний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чадавхтай эмнэлгүүд олширч байна. Хувийн эмнэлэгүүд эрүүл мэндийн салбарын ачааллыг үүрэлцэн, хөгжлийг хурдасгахад бодитой хувь нэмэр оруулсаар байгаа юм. Улсын хэмжээнд гурав дахь шатлалын буюу нүдний оношлогоо, эмчилгээ, мэс заслын цогц үйлчилгээг үзүүлж байгаа долоон эмнэлэг байгаагийн дөрөв нь хувийн эмнэлэг байна. Тэдний нэг болох Солонго Нүдний Эмнэлэг Монголд хийх боломжгүй байсан эмчилгээг дотооддоо хийж, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулахад тодорхой хувь нэмрийг оруулахаас гадна үйлчилгээгээрээ хөрш зэргэлдээ орнуудаас ч хэрэглэгчдийг татаж эхлээд байна.